Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог.
Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд товлогдсон тул иргэдийн шилжих хөдөлгөөнийн наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал зогсоох шийдвэрийг УБЕГ-аас гаргажээ.
2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр нь Ням гараг тул иргэд 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.
Хуулийн заалт:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн
- 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж,
- 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заажээ
Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс www.ikon.mn