Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгөхөөр шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Видео:

Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ.

Баримталсан зарчим

  • Ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжлүүлнэ
  • Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ.
  • Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.
  • КОВИД-19-ийн үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа.

Монгол Улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан” гэлээ.

Төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

  • Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд дуусах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн
  • Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ
  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.
  • НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.
  • Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ.
  • Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.
  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тооцсон.

Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж байна.

ААНОАТ тэглэж байгаад 105 мянган ААН-ийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн салбарт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байна.

  • ЭМ-ийн салбарын ажиллагчдын хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэлд 71 тэрбум
  • Улирлын томуугийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөгийн зардал нэмж байгаа
  • Халдвар тээгч нартай нүүр тулан ажиллаж буй эрүүл мэндийн болон бусад салбарын ажиллагчдын цалин, илүү цагийн мөнгийг нэмж өгөх зардлыг суулгаж өгсөн.

Мөн ХӨСҮТ-ийн лаборатори, тоног төхөөрөмжид 3 тэрбум төгрөг нэмж өгөх асуудал байгаа.

2020 оны төсвийн алдагдлыг 3.8 их наяд төгрөгөөр тооцжээ

Орлого талдаа эхний хагас жил төсвийн орлого 2 их наядаар буурч байгаа. Цар тахалтай холбоотой татваруудыг тэглэсэнтэй холбоотой 3.4 их наядаар орлого тасрахаар байсан. Тиймээс энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцжээ. Энэ нь ДНБ-ий 9.8%-тай тэнцэх тооцоо гарсан байна. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа гэв. Хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг болгох хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаа.

Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэсэн байна. Үүнд бичиг хэрэг, томилолтууд, эд хогшил, тавилга, урсгал зардлууд гэх мэт тэвчиж болох зардлууд оржээ.

Мөн өнөөдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэж байгааг Сангийн сайд хэллээ.

Энэ онд Монгол Улсын эдийн засаг 1% агших бол ирэх жил 7 орчим хувиар өснө хэмээн Сангийн яам тооцоолж, төсвийн тодотголоо боловсруулжээ.

“Гаднаас олгосон зээл тусламж буруу, зориулалт бусаар ашиглах боломжгүй”

Гаднаас олгож байгаа зээл тусламжийн мөнгийг буруу ашигласан байж магадгүй гэсэн хардалт нийгэмд байгаад тайлбар өглөө.

Гаднаас олгож байгаа зээл тусламж дараах хоёр хэлбэрээр зарцуулагддаг.

Төсвийн дэмжлэг

-Үүн дээр 302 сая долларын санхүүжилт авсан. Дэлхийн банк, АХБ, ОУВС-аас тус бүр 100 орчим сая доллар орж ирсэн. Энэ мөнгө УИХ-аар баталсан хэрэгжүүлж байгаа зардлыг санхүүжүүлдэг хөрөнгийн эх үүсвэр болоод ордог. Тиймээс буруу зүйлд зарцуулагддаггүй. ОУ-ын банк санхүүгийн хяналт хатуу байдаг.

Төслийн санхүүжилт

Тухайлбал, Налайхын авто зам, цэвэрлэх байгууламж гэх мэт. Олон улсын байгууллага өөрсдөө болж байна гэж үзвэл цаанаас нь санхүүжилтээ гаргадаг.

Буруу, зориулалт бусаар ашиглах боломжгүй. Өгч байгаа банк, санхүүгийн байгууллагууд хяналтаа тавьдаг гэлээ.

“У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд байгуулагдсанаасаа хойш олон улсын зах зээл дээр бонд гаргаагүй, дотооддоо үнэт цаас гаргаагүй явж ирсэн. Энэ хугацаандаа аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад санал болгох платформыг блокчэйнд суурилан хийсэн. Ойрын хугацаанд танилцуулна гэж бодож байна” гэдгийг Сангийн сайд мөн хэллээ

Source: www.ikon.mn

Сэтгэгдэл