АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн боловсронгуй газар доорх хонгилыг Мексикийн хилээс илрүүлжээ

Мексикээс АНУ-ын Аризона мужийн нутаг хүртэл байгуулсан, дуусгаж амжаагүй газар доорх хонгилыг хил хамгаалалтын алба илрүүлснээ зарлажээ.

Хар тамхи зөөвөрлөх зориулалттай байж магадгүй уг хонгил Мексикийн Сан Луйз Рио Колорадо хотоос эхлээд Аризона мужийн Сан Луйз хотын чиглэлд байгуулагдсан ч гарц нь газрын гадаргад ил гараагүй байсан гэнэ.

Хонгил байгуулсан газар нь хад чулуу ихтэй, ийм төрлийн байгууламж барихад тохиромжгүйд тооцогддог.

Гэсэн хэдий ч хонгил маш боловсронгуй хийцтэй, агааржуулалт, усны хангамжтай, төмөр замтай байсныг Холбооны Хил Хамгаалах Алба мэдээлжээ.

Хонгилын хийцийн чанар үнэхээр сайн байгаад гайхсан Аризона дахь Дотоодыг Аюулаас Хамгаалах департментын төлөөлөгч Энжел Ортиз “Магадгүй АНУ-ын түүхэнд бүтээгдсэн хамгийн нарийн, боловсронгуй хонгил энэ байх” гэж ярьсан байна.

Долдугаар сарын сүүлээр нэг иргэн хилийн ойролцоо газар цөмөрч, нүх гарсныг мэдээлснээр мөрдлөг шалгалт эхэлжээ. Газрын гадаргаас 7.6 метрийн гүн рүү камер оруулж шалгаад хонгил байгааг илрүүлсэн байна.

Хонгилын өргөн 1 метр, өндөр нь 1.2 метр байжээ.

Ямар зориулалттай байгуулсан, ямар багаж төхөөрөмж ашигласан нь тодорхой болоогүй байна. Гэмт этгээдүүд Мексикээс хар тамхи нэвтрүүлэх, хууль бус цагаачдыг хил давуулахад хонгил ашиглаж ирсэн олон жилийн түүхтэй.

Хоёр жилийн өмнө Аризонагийн энэ бүс нутагт хар тамхи зөөх зориулалттай бас нэг хонгил илрүүлж байжээ. Хонгилын төгсгөл Аризонагийн нэгэн түргэн хоолны газрын хаягдсан байрнаас олдсон юм.

Хилээс ердөө 180 метр зайтай KFC түргэн хоолны газрын байранд хонгилоос гарах гарц нь байжээ. Тус байрнаас хэд хэдэн багц метамфетамин, кокайн, геройн, фентанил зэрэг мансууруулах төрлийн бодисууд илэрсэн бөгөөд байрны эзэн Айван Лопезыг 2018 оны наймдугаар сард баривчилж, сүүлд долоон жилийн хорих ял оноожээ.

 

Эх сурвалж: Associated Press, www.ikon.mn

Сэтгэгдэл