Япон улсын ерөнхий сайд Хирошима хотод хэлсэн үгээ Нагасаки хотод давтсан гэж шүүмжлүүлжээ
Саяхан Япон улсын Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэрсний 75 жилийн ой тохиосон юм.
Тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо гурван өдрийн зайтай хоёр хотод болсон дурсгалын арга хэмжээнүүдэд оролцохдоо нэг үгээ давтаж хэлсэн гэж атомын бөмбөгний дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүст шүүмжлүүлжээ.
Зохиолын хулгайг илрүүлдэг аппликэйшнээр шалгахад Ням гарагт Абэгийн Нагасакид хэлсэн үг нь гурван өдрийн өмнө Хирошимад хэлсэн үгтэй 93 хувь давхцсан байна.
Зөвхөн хотуудын нэрийг сольж, гамшгийн дараах сэргээн босголтын тоо баримтуудыг хот тус бүрт өөрөөр хэлснээс бусад хэсэг нь адилхан байжээ.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын армийн нисэх онгоц Хирошима хотод атомын бөмбөг хаяхад 140,000 орчим хүн нас барсан бол наймдугаар сарын 9-ний өдөр Нагасакид хаяхад 74,000 хүн амь үрэгдсэн юм.
“Жил бүр нэг үйл явдал давтагдаж, ахиц дэвшил гарахгүй байна. Тэр ямар ч утгагүй зүйл ярьж, зөвхөн Хирошима нэрийг Нагасакигаар сольдог. Тэр атомын бөмбөгний гамшгаас амьд үлдсэн хүмүүсийг үл тоож байна” гэж Нагасаки дахь амьд үлдэгсдийн зөвлөлийн дарга Коичи Кавано ярьжээ.
Атомын бөмбөгний гамшгаас амьд үлдсэн иргэд амьд ахуйдаа Япон улсыг цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээнд нэгдэхийг харах хүсэлтэй байдаг.
Жил бүрийн ойн арга хэмжээний үеэр энэ шаардлагаа засгийн газарт тавьдаг юм.
Гэвч АНУ-ын цөмийн зэвсгийн хамгаалалтад аюулгүй байдлаа даатгадаг Япон улс 2017 онд НҮБ-ын ерөнхий чуулганаар батлагдсан цөмийн зэвсгээс татгалзах гэрээнд нэгдээгүй байна.
Өнгөрсөн онд амьд үлдэгсдийн төлөөлөл ерөнхий сайд Абэ Шинзог Нагасаки дахь бөмбөгдөлтийн түүхийг харуулсан музейг үзэхийг урьж байв. Гэвч Абэ тэдний хүсэлтийг сая биелүүлээгүй өнгөрсөн байна.
Саяхан атомын бөмбөгний цохилтод өртсөн бүсээс гадна амьдарч байсан ч цацраг идэвхит бодисд хордсон цөөн иргэнд эрүүл мэндийн тэтгэлэг олгохыг дэмжсэн шийдвэрийг Японы шүүх гаргасан юм.
Абэгийн засгийн газар энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн нь бас шүүмжлэл дагуулж байжээ.
Эх сурвалж: Mainichi Shimbun