Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

Мягмар гарагт Ойрх Дорнодын Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос 73 хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархджээ.

Хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байна. Хоёр дахь дэлбэрэлт нь илүү хүчтэй болж, агаарт улбар шар өнгийн асар том мөөгөн үүл үүсгэжээ.

Эрэг хавийн барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна.

Ливаны эрүүл мэндийн яам одоогоор 73 хүн амь үрэгдэж, 3,700 хүн шархдсаныг бүртгэжээ.

Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна.

Бейрутын оршин суугчид дэлбэрэлтийг “атомын бөмбөг”-тэй зүйрлэн ярьжээ. “Атомын бөмбөг дэлбэрвэл ийм зүйл болох байх. Би амьдралдаа их юм үзсэн, гэхдээ ийм зүйлийг харж байсангүй. Бүр 1975-1990 оны иргэний дайны үеэр ч ийм дэлбэрэлт болж байгаагүй. Эрэг хавийн бүх байшин сүйрлээ” гэж Бейрутын уугуул 70 гаран настай Макрухи Ерганьян ярьж байна.

Түүний 91 настай авга ах дэлбэрэлтийн үеэр шархдаж, дараа нь нас баржээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ч боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдэгдсэн байна.

Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.

Хөрш Израйлийн засгийн газрын төлөөлөгч тус улс уг дэлбэрэлттэй ямар ч хамаагүйг мэдэгджээ.

Хэдийгээр Израйль нь Ливан улстай дайсагнасан харилцаатай байдаг ч тусламж үзүүлэх санал тавьсан байна. АНУ болон Ойрх Дорнодын улс орнууд Ливаны засгийн газарт эмгэнэл илэрхийлцгээжээ.

Сүүлийн саруудад эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Ливан улсад энэ дэлбэрэлт асар том гарз учруулж байна. Ливаны ерөнхий сайд гамшгийн дараах сэргээн босголтод тусламж үзүүлэхийг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудад хандан уриалжээ.

 

Эх сурвалж: AFP, www.ikon.mn 

Сэтгэгдэл